Search This Blog

Thursday, September 27, 2018

Антибиотикийн зохистой хэрэглээ(1)

Антибиотикийн зохистой хэрэглээ
1/3. Супер бактери (нян) гэж юу вэ?
2/3. Яагаад аюултай вэ?
3/3. Үүнээс сэргийлэх, аюулыг бууруулах арга юу вэ?
Жич : Завтай үедээ уншихыг анхаарна уу 
1/3. Супер бактери (нян) гэж юу вэ?
Бактери (bacteria) гэдэг үгийг уншихад цаанаа л нэг аймаар байхад, бүр супер(super) гэдэг үг хамтдаа байх юм. Ойролцоогоор жишээ авахад супермен (superman) буюу түүний чадвар нь хүнийхээс хавьгүй илүү гэдэг утгаараа тийнхүү нэрлэгдсэн байдаг. Мэдээж өмдний гадуураа дотуур хувцасаа өмсдөг загварлаг байдлын хувьд дурьдаагүй.
Super-bacteria ч гэсэн үүний адилаар энгийн бактериас чадвараар илүү гэсэн үг. Түүнд байх хүчирхэг чадвар нь бактерийг устгадаг химийн зэвсэг буюу антибиотикоос амьд үлддэгт байдаг. Хамгийн хүчтэй(?) антибиотикийг хэрэглэсэн ч, бүр хэд хэдэн эмийг холиод өгсөн ч, юу ч болоогүй юм шиг байдаг. Энэ хүчирхэг чадвар нь мэдээж хүний хувьд гамшиг гэлтэй. Хүний биед бактери өсч үржээд, тэр бактери нь өвчин эмгэг үүсгээд байхад үүнийг нь устгах зэвсэг байхгүй болсон гэсэн үг. Тиймээс super-bacteria-г анагаахын шинжлэх ухааны хэлээр олон эмэнд тэсвэртэй бактери(multidrug resistant bacteria) хэмээн тодорхойлдог. Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр түгээмэл хэрэглэгдээд байгаа super bacteria нь нийгэмд ойр нэр томъёо юм. https://en.wikipedia.org/wiki/Multiple_drug_resistance
Бактери нь өөрөө амьдардаг буюу DNA ба үүгээр бодисын солилцоо явуулах чадвартай учир амьд биет гэж тооцогддог. Ихэнх эсүүд хамгийн чухал зүйл болох DNA-гээ бөөмийн бүрхүүлээрээ хучиж 2 давхар хамгаалалттай байдаг ч, бактери нь DNA-гээ өөрийн бусад эрхтэнцрийн адилаар тэгш эрхтэй ханддаг. Бид ийм эсийг хуурамч бөөмт эс(prokaryote, прокариот) хэмээн дууддаг. Бактериуд ихэвчлэн жинхэнэ бөөмт эс(eukaryote, эукариот)-ээс өөр онцлогтой байдаг нь хуурамч бөөмт эсийг танин устгах тэмдэг болж өгдөг. https://www.thinglink.com/scene/507555562901209089
Тэгвэл прокариотод л байдаг бүтэц юу вэ? Тэр бол эсийн хана(cell wall) юм. Эсийн хананы гол бүрдүүлэгч нь пепдидогликан(Peptidoglycan) бөгөөд, грам(gram) будаг нь түүнд шингэж өнгө оруулдаг. Ийнхүү хөх өнгөөр будагдсан нь грам эерэг, ягаан харагдвал грам сөрөг бактери гэнэ.
Грам будгаар грам эерэг, сөрөг гэж хуваагаад, хэлбэр төрхөөр нь кокк(coccus), бацилл(bacillus), спирал(spirillus) гэж хуваадаг.
Грам будгаар хөх өнгөтэй болж будагдах грам эерэг бактерийн төлөөлөгч нь бидэндтэй үргэлж хамт амьдарч, үүнээсээ болоод тэр үү зовлон туулж аймшигтай болж, хааяа биднийг өвтгөдөг алтлаг кокк бактери(Staphylococcus Aureus) ба грам сөрөг бактерийн төлөөлөгч нь бидний бүдүүн гэдэсний өвгөн, гэдэсний савханцар(Escherichia Coli) зэргийг дурьдаж болно. Мэдээж ингээд ганц хоёрыг дурьдахад цаана нь хөөрхөн олон бактериуд байгаа учир тэднийг тоохгүй өнгөрөөж болохгүй.
Сэдэв маань халих гэж байна. Супер бактери уруугаа эргэе. Эсийн хана гэгч гол ялгаа байдаг тул, эсийн хананы нийлэгжилтийг зогсоодог эм нь жинхэнэ бөөмт эсэд ‘бараг’ нөлөөлөлгүйгээр бактерийг устгах боломжтой. Амралтаар явах гэж яарсанаас болоод туршилт ямар болсон ч яадаг юм гээд хаяаад явсан нэгэн настан дэлхийн хэмжээний нээлт хийсэн нь бактерийн хананы нийлэгжилтийг дарангуйлдаг эм байв. Болох золиг нь болдог жишээ дэлхийн энд тэнд төдийгүй түүхэнд ч бас байна.
Alexander Fleming-ийн нээлт хийсэн дэлхийн анхны антибиотик, пенициллиний бүтцийн голд дөрвөлжин хэлбэртэй нь пептидогликаны нийлэгжил(cross-linking)-ийг дарангуйлдаг active site юм. Энэ бүтцийг beta-lactam ring гэж дуудах ба ийм бүтэцтэй антибиотикийг бүгдийг нь бета лактам бүлгийн антибиотик гэж нэрлэдэг. Бета лактамын хажууд 5 өнцөгт цагираг агуулсаныг нь пенициллин, 6 өнцөгт цагираг агуулсаныг нь цефалоспорин(Cephalosporin) антибиотик. Бета лактам бүлгийн антибиотикийг пептидогликан нимгэнтэй ч дахин гадуураа липополисахарид(lipopolysaccharide) бүрхүүлтэй грам сөрөг бактериас илүүтэй lipopolysaccharide-гүй дан зузаан пепдидогликантай грам эерэг бактериудад сайн нөлөөлдөг.
Эдгээр антибиотикуудын бүтцийг өөрчилж грам сөрөг бактерид ч нөлөөлөх олон антибиотикуудыг нээж практикт өргөнөөр ашиглаж байна. https://en.wikipedia.org/wiki/%CE%92-lactam_antibiotic