Search This Blog

Thursday, June 14, 2012

Бүтээгч Бурхан/цуврал 1/

Бүтээгч Бурхан (Эхлэл 1:1)
<Цуврал 1>
Библийг дэлгэх болгондоо 2-р Тимот 3 бүлэг 16-17 ишлэлийн үг болох “Судар бүр Бурханы үгээр бичигдсэн” гэдгийг санаарай. Библи нь хүний оюун ухаан ба туршлага, мэдлэг, ойлголтоор сайн ойлгогдохгүй зүйл маш их байдаг. Ариун сүнсийг авсан хүн л Библийг ойлгож чадна. Есүс Христэд итгэдэг хүнд өгөгдсөн ном болох Библи нь Бурханыг хайрлаж, Ариун сүнсээр дүүрсэн тохиолдолд тэр хаалга нь онгойно. Нууц нь харагдаж Үг нь тодорхой болно.
Мөн Библийг судлахдаа санаж байх Үг нь Матай 5 бүлэг 18 ишлэл болох “Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.” Гэдэг Үг юм. Бид Библийг ойлгосон ч байна уу ойлгоогүй ч байна уу, утга нь тайлагдсан уу тайлагдаагүй нь хамаагүй нэг цэг нэг зураас ч алдаагүй Бурханы Үг гэдэгт итгээрэй.
Тэгээд энэ Үг нь Есүсийг эргэн ирэх хүртэл бүгд биелэлээ олно хэмээн Библи хэлж байна. Энэ удаад Эхлэл номын цувралд сэтгэлээ нээн хичээнгүйлэн анхаарвал Эхлэл номоор дамжуулан та бүхэнд хэлмээр байгаа Бурханы дуу хоолой сонсогдоно гэдэгт итгэж байна.
‘Тунхаглал’-аар эхэлсэн Эхлэл ном.
Ямар ч ном байсан оршил болон тайлбар байдаг. Гэвч Эхлэл номын эхлэл нь тайлбар хэрэггүй. Зөвхөн тунхаглалтай байдаг. Гайхамшигтай эрх мэдэлтэй Үг биш гэж үү? Энд ямар нэгэн тайлбар болоод шалтаг, өмнөх үг, ятгалга байхгүй. Зөвхөн үнэний талаарх тунхаглал л байна. “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” гэх энэ гайхамшигтай үнэний тунхаглалыг итгэж хүлээн авч өчих юм бол Эхлэл бүхэлдээ нээгдэнэ. Бурхан тэнгэр газрыг бүтээсэнд итгэх юм бол итгэж чадахгүй зүйл байхгүй болж ямар ч эргэлзэх зүйлгүй болно. Энэ зүйл үнэн бол гайхамшиг бий болох нь хялбар төдий болно.
1-р бүлгийн 1-р ишлэлийг цэгцлэе. Энэ Үгнээс үзвэл, “Эхэнд” гэдэг үгийг хасвал, “Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” болно. Энэ үгийг товчилж “тэнгэр газрыг” гэдэг үгийг хасвал “Бурхан бүтээжээ” болно. Эндээс илүү товчилж “бүтээжээ” гэдэг үгийг хасвал “Бурхан” гэдэг үг л үлдэх нь. Энэ ишлэлийн түлхүүр нь “Бурхан” юм. Огторгуйн бүх зүйлс болоод хүнийг бүтээсэн нь Бурхан бөгөөд огторгуйн бүх зүйлсийн төв ба амьдралын төв ч гэсэн Бурхан юм. “Эхэнд Бурхан огторгуйн бүх зүйлсийг бүтээж намайг бүтээсэн гэдэгт итгэж байна. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээснийг би тунхаглаж байна” гэсэн өчилөөр Эхлэл ном эхэлдэг юм.
Эхлэл ном нь мэтгэлцдэг ном биш юм. Семинар юмуу судалгаа явагддаг ном биш тунхагладаг ном юм. Эхлэл ном бол онцгой юм. Бурхан хэн болох, ямар болох, Бурханы мөн чанар юу болох, Бурханыг хэн бүтээсэн талаар нэг ч өгүүлбэр байдаггүй. Зөвхөн Бурханы хийсэн үйлийн талаарх тунхаглал л байх юм. Энэ л Эхлэл 1:1 юм.
Огторгуйн бүх зүйлсийн ЭЗЭН болох Бурхан
Энэ бичлэгийн тулгуур үг нь “би” биш “Бурхан” юм. Олон хүмүүс бодохдоо амьдралын эзэн нь “би” гэж боддог. Би амьдралынхаа эзэн нь болвол буруу зүйлүүд тохиолдож эхэлдэг. Бурхан амьдралын Эзэн нь болоход ерөөл эхэлдэг. Огторгуйн бүх зүйлсийн төв нь Есүс Христ бөгөөд Бурхан өөрөө юм. Бурхан төв нь болвол бүх асуудал манан мэт арилдаг. Яагаад гэвэл тэр газар Бурханы захирамж ба удирдамж, чадал ба Бурханы эрх мэдэл байдаг учраас юм.
Асуудал нь Сатаны уруу татлагыг авч Бурханы төвийн өнцгийг хүн төвтэй болгосноос эхтэй. Анхны хүн болох Адамыг Сатан “Сайн мууг мэдүүлэгч модноос идвэл чи Бурхан шиг болох болно” хэмээн уруу татсан юм. Хүний хамгийн том уруу таталт нь бурхан болох юм. Хүн бага ч болов эрх мэдэлтэй өндөр байр сууринд очихийг хүсэх эсвэл бусдаас мөнгө ихтэй юмуу ухаантай гэх үгийг сонсвол бурхан болох гэсэн уруу таталтыг авдаг. Хүн бурхан болохыг хүсчээ. Хүн бурхан болох гэсэн уруу таталт нь өөр хүнийг боол болгох захирах шуналаас эхэлнэ. Олон хүнийг өөрийнхөө доор байлгаж, захирч, тушаал өгөхийг хүсэх уруу таталтанд орж байгаа нь бурхан болох гэсэн уруу таталтын анхны алхамаа хийж байна гэсэн үг.
Хүн өөрийн бодолдоо хамгийн өөрсдийгөө эргэлзүүлдэг нь хүнлэг ёс буюу хүн өөрийгөө төвөө болгосон үзэл юм(Humanism). Энэ нь үнэхээр сайхан санагдаж болох ч хүнлэг ёс нь цаашдаа шашингүй үзэл болно. Мэдээж хүний эрх бол чухал. Гэвч эрх нь тухайн хүний шашин нь болвол Бурханы эрх гэж байхгүй болно. Итгэгч биш, харин өөртөө итгэгч. Та бүхэн Бурханыг төвөө болгож амьдрахыг ерөөж байна.
Харанхуй нь гэрэлд дургүй. Зөвт бус хүн зөвт хүнд дургүй. Зөвт хүн хажууд нь байвал өөрийн муу муухай нь харьцуулагдан ил болох учир зөвт бус хүн зөвт хүнийг ирэхэд баярладаггүй. Гэмтэн болох хүн Бурханд баярладаггүй. Амьдралаасаа Бурханыг хөөхийг эрмэлздэг. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан байвал өөрт нь төвөг учирдаг учраас тэр. Библид “Гэрэл ирэхэд харанхуй хүлээж авсангүй” гэдэг. Гэрэл болох Есүс Христ ирсэн ч хэн ч дуртай байгаагүй. Яагаад гэвэл дэлхий хав харанхуй байсан юм.
Хүмүүс Бурханд найдахаас татгалзаж үүгээр ч барахгүй оршин байгааг хүртэл үгүйсгэдэг. Бурхан гэж байхгүй, тэр Бурхан чинь надтай ямар хамаатай юм бэ? Гэж хэлдэг. Тэгээд л Дуулал 14 бүлэг 1-р ишлэлд “Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн. Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн. Сайн үйл хийдэг хүн огт байхгүй” гэж хэлж байна. Дуулал 2-р бүлэг 1 ишлэлээс 4-р ишлэл хүртэл үзвэл “Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ? Газар дэлхийн хаад бат зогсож, удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн, “Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!” гэж хүмүүс хэлж байна. Дуулалыг бичигч цааш нь “Тэнгэр залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.” Гэж хэлж байна!
Хүндэтгэл ба алдрыг авах зохистой Бурхан
Тийм ээ. Сургаалт үгс дээр гардаг үг шиг Бурханаас эмээх нь бүх мэргэн ухааны суурь нь юм. Бурханд найд. Бурханыг бүү эсэргүүц. Бурхан та бүхний амьдралд орж ирэх хэрэгтэй. Тэр үед л та бүхэн жинхэнэ аз жаргалыг авч чадна. Бурханд үйлчилж магтаалыг дуулж алдаршуулах нь амьдрал ба огторгуйн бүх зүйлсийн үүрэг юм. Бурханыг сэдвээ болгон бүү мэтгэлц. Бурхантай семинар бүү хий. Бурхан номд юмуу номын санд байдаггүй. Та бүхэн Түүнд мөргөж, магтан дуу дуулахад Тэр илэрдэг. Бурхан л мөргөлийг авахад зохистой учраас тэр юм. Бурхантай уулзаж чадахгүй байгаагийн учир шалтгаан нь мэтгэлцэж маргах явдлаас юм. Залбираарай. Өвдөг сөгдөн Түүний суу алдар ба ариун байдлыг магтагтун. Тэр үед Бурханы ариун байдал ба хүч чадал та бүхэнд мэдрэгдэх болно.
Библиэс харвал олон газар “Ёохуа руу ирэгтүн, над руу ойртогтун, Би та нарт ойртох болно” гэсэн байдаг. “Ёохуаг бүх хүч чадлаараа таньж мэд Ёохуа руу очин мөргөл ба магтаалыг, талархал ба алдрыг өргө” гэсэн байдаг. Илчлэлт 4-р бүлэг 8-р ишлэлийг харвал 4-н амьтан гардаг. Тус бүр 6-н далавчтай дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй гэдэг. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр магтаалыг өргөдөг. “Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун ариун” энэ амьтад л магтах биш түүний хажууд байх 24-н ахлагч сэнтийд Залрагчид титмүүдээ Түүний өмнө шидэн “Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой.” Гэж магтдаг.
Бурхан л мөргөл хүндэтгэлийг авах зохистой Нэгэн мөн. Алдар магтаалыг авах зохистой Нэгэн. Алдар ба магтаал, хүндэтгэлийг Түүнд өргөх нь жинхэнэ мөргөл мөн. Мөргөлийг өргөхөд Бурханы Сүнс ба алдар, ариун байдал нь илрэх бөгөөд эдгэрлийн хүч нь гарч ирэн, биднийг өөрчлөх хүч нь гарч ирдэг. Үүгээр ч барахгүй үндэстнүүд болоод хэн ч тоолж чадахгүй тийм олон ардууд цагаан дээл өмсөн сэнтийд Залрагч болоод Хурганд магтаалыг өргөх гайхалтай магтаалын агшинг харж болно.
Та бүхэн хүндэтгэл ба алдрыг авах зохистой Бурхан нь ертөнцийг бүтээж огторгуйн бүх зүйлсийг бүтээсэн Бурханыг тунхаглаж Бурханы нэрийг өндөрт өргөж Бурханы алдрын өмнө бид зогсож байгаа үнэнийг тунхагласан нь Эхлэл 1:1 юм. Энэ л Эхлэл номын эхлэл юм!
Ариун сүнсийг авч байж бүтээлийн гайхамшиг харагдана
Эхлэл 1:1 ээс бид хэд хэдэн үнэнийг сурах боломжтой. Нэгт нь Бурхан цаг хугацааг бүтээсэн Нэгэн бөгөөд цаг хугацааны Эзэн болохыг мэдэж болно. Энэ нь “Эхэнд” гэдэг үгэнд агуулагдана. “Эхэнд” гэдэг энэхэн үгэнд хүний цаг хугацаа эхэлсэн тэр агшин юм. Цаг хугацаа байна гэдэг орон зай байна гэсэн үг болно. Орон зай байхгүй цаг хугацаа гэж байхгүй. Цаг хугацаа байхгүй орон зай гэж байхгүй. Бурхан хүн төрөлхтний түүхэнд цаг хугацааг өгсөн.
Цаг хугацаа нь хүнийх биш. Цаг хугацаа байсныг зааж “түүх” гэдэг. Бурханы төлөвлөсөн түүх нь “Бурханы түүх” ч Бурхангүйгээр бий болсон нь “хүн төрөлхтний түүх” гэдэг. Хүн төрөлхтний түүх нь цаг хугацааг голчилдог. Харин Бурхан цаг хугацааны дотор оршдоггүй бөгөөд Бурхан нь Сүнс учраас юм.
Бид цагийг сайн ашиглах хэрэгтэй. Цагийг сайн ашиглаж чадаагүй хүн сөнөх болно. Бурханы өгсөн цаг хугацааг Сатанд өгсөн хүмүүс сөнөх болно. Гэвч тэр цагаа Бурханд зориулж зөв ашигласан хүн ивээлийг авах болно. “цаг хугацааг авар яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж”, “дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн бай ”. Цаг бол урсаж явдаггүй юм. Ижилхэн цаг ч нэг хүнд ерөөлтэй сайхан цаг байна. Мянган жил мэт цаг өнгөрсөн ч өөр нэг хүнд залхмаар сүйрэх цаг болно. Ижил цаг ч цагаа хэрхэн ашиглаж хэн цагийг аварч байгаагаас өөр өөр болно.
Амьдралын мөч бүхэн Бурханы гарт байна. Надад байгаа биш. Цагийн эзэн нь “би” гэвэл бид үхэхгүй байх ёстой. Цаг бол та бүхнийх хэрхэвч биш юм. Бурханы өгсөн бэлэг юм. Бидний цаг Бурханы цагтай давхцах үед бид үүрд мөнхийн цаг хугацаа руу орно. Тэр үүрд мөнхийн цагийг бид нэрлэхдээ “Мөнх амь” хэмээдэг. Есүс Христэд итгэгч болгон мөнх амийг авах болно гэдэгт итгэж байна. Бидний цаг аврагдах болно.
“Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” гэдэг нь үнэндээ огторгуйн зүйлсүүд ба амийг Бурхан бүтээгээд зогсохгүй тэр эзэмшил нь ч Бурханд байгаа гэдгийг илэрхийлнэ. Бүх зүйлсийн Эзэн бол Бурхан юм. Бүх амийн Эзэн бол Бурхан юм. Бурхан өөртөө бүгдийг эзэмшүүлсэн. Хүнд эзэмшил гэж байхгүй. Бидний амьдралд маргаан байгаа нь эзэмшил нь өөрт нь байгаа гэж боддог учраас юм. Гэвч та үхэхдээ бүгдийг нь орхиод л явна. Газрын гэрчилгээ, компани ч бөгж ч бүгдийг орхиод л явна. Яагаад гэвэл тэд нь таных биш учраас юм.
Та бүхэнд зээл гэж бий. Бурхан өөрийн зүйлээ бидэнд зээлжээ. Дуусахад сайн эргүүлж өгөөрэй.
“Бүтээх” гэдэг үгийн утга нь оргүй хоосноос бий болгох гэсэн утгатай. Хүн нь байгаагаас байгааг олох л явдал юм. Хүний олж нээсэн хууль нь бүтээсэн биш олсон явдал юм. Бурхан бүх огторгуйн зүйлсийг бүтээж бий болгосонтой харьцуулбал таны мөнгө, эрх мэдэл, залуу байдал юу ч биш. Тиймээс Түүнд алдар хүндэтгэл магтаалыг өргөх ёстой.
Хайртай итгэгчид ээ, асуудал бий болоход Бурхан уруу эргээч. Машин нь эвдрэхэд тэр машиныг бүтээсэн хүн рүү авч явбал хялбархан засварлачихна шүү дээ. Бурхан уруу эргэгтүн. Бурханд найд. Түүний нэрийг өндөрт өргө. Тэр үед та бүхнийг бүтээсэн Бурхан та бүхний асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.
Бүтээхийн хоёр дахь утга
Бүтээх гэсэн үгэнд дахиад нэг утга бий. Бүтээх нь оргүй хоосноос бий болгохоос гадна бүх зүйлийг удирдаж захирч хянаж тогтоохыг хэлнэ. Энэ нь яг л эцэг эх нь хүүхдээ гаргаад яваад өгчих биш юм. Хүүхдээ гаргасаны дараа тэд хүүхдээсээ нэг ч хараа салгалгүйгээр хүүхдээ сахиж хамгаалж, хөхүүлж, өвчин тусвал санаа зовон эмчилж өгч, сургуульд явуулахтай адил юм.
Бүтээх нь дэлхий рүү явуулаад зогсохгүй захирч удирдаж хянан сүүлч хүртэл хамгаалж өгнө гэсэн үнэнийг илэрхийлнэ. Бурханд найдаарай. Тэгвэл Бурхан та бүхнийг удирдах болно. Гэвч та бүхэн Бурханд найдахгүй бол тэрээр туслахыг хүсэвч туслах боломжгүй болох юм. Яагаад гэвэл та бүхэн эсэргүүцсэн учраас юм. Нарыг эсэргүүцлээ гээд нар алга болчихгүй. Харин Бурханы ерөөлийг л авч чадахгүй болно. Нарыг хүлээн зөвшөөр. Подволоосоо гарч гэрэлт нарны урд гарч ирээрэй. Үүнтэй ижил Бурханы өмнө оч. Бурханд сэтгэлээ нээн Түүний нэрийг магтагтун. Тэр үед Бурханы ерөөл нь тань дээр дүүрнээр асгарана гэдэгт итгэж байна.
Бүтээхэд гүнзгий бодох нэгэн зүйл байна. Тэр нь Бурхан ертөнцийг бүтээгээд хүнийг бүтээсэн ч тэр бүтээх явцад Ариун Сүнс хамт байсан явдал юм. Иймээс та бүхэн Ариун Сүнсийг хүлээн авбал бүтээлийн гайхамшигийг мэдрэх болно. Баптисмийг хүрт. Ариун Сүнсний хамгаалалыг аваарай. Бурханы бүтээлийн гайхамшигийг мэдрэх болно.
Колоссай 1:16,17 ишлэлийг үзвэл “учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог” гэж хэлж байна. Бурхан энэ огторгуйг бүтээх үед цаг хугацааг бүтээх үед тэр үед Есүс байсан гэсэн үг юм.
Энэ ертөнцийг бүтээх явц нь Есүсийг хүлээн зөвшөөрч байж ойлгогдоно. Есүст итгэж, Есүстэй уулзах хэрэгтэй. Есүс дотор буй Бүтээгч Их Эзэн болох намайг бүтээсэн Бурханы онцгой ер бусын дотор бид орох болно. Ариун Сүнсээр дүүр, Есүс Христийг хүлээн зөвшөөр, Түүнийг хүлээн авахад энэ гайхамшигтай үйл явдлууд танд мэдрэгдэх болно.
Эхлэл ингэж эхэлдэг. “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэнд би итгэж байна. Би үүнийг тунхаглаж байна. Би амьд байгаа Бурханы нэрийг өндөрт өргөж байна!” ингэх үед л Эхлэл ном нээгдэж эхлэнэ. Бүх маргаан, мэтгэлцээн арилж, тэр дотор Бурханы аврал ба ерөөл нь Эхлэл дотор буй гэдэг үнэнийг ойлгож таньж мэдэх болно. Энэ л Эхлэл номын оршил шүү дээ.
Альфа ба омега болсон Бурхан
Би бага балчир байхдаа асууж байсан асуултаа тавья гэж бодож байна. Та нар өөрсдөө эсвэл хүүхдүүд чинь асууж байсан байж магадгүй. “Бурхан хүнийг бүтээсэн бол Бурханыг хэн бүтээсэн юм бэ?” эсвэл “Бурхан эрэгтэй юу эмэгтэй юу?” гэсэн асуулт юм.
Энэ асуултанд ингэж хариулагдана. Хэрэв Бурхан бүтээгдсэн юм бол Бурхан биш юм. Зүгээр л бүтээл нь болох байсан. Бүтээгч нь бүтээгдээгүй ээ. Харин бүтээл нь бүтээгдсэн. Бурханыг хэн нэгэн бүтээгээгүй. Тийм учраас Тэр бол Бурхан юм. Тэр бол Бүтээгч мөн. Тэр үүрдээс өмнө байсан. Үүрдийн дараа ч байна. Тиймээс тэрээр Бурхан юм.
Бурхан эрэгтэй ч эмэгтэй ч биш. Бурхан эрэгтэй эмэгтэйг бүтээсэн Бурхан дотор эрэгтэй эмэгтэй бүгд бий. Тэр хэсэг биш бүгд нь юм. Альфа ба омега нь юм. Тэр хүндэтгэл ба алдрыг авах зохистой Нэгэн юм. Тэрээр та бүхэнд хайртай. Тэр бол философи юмуу ямар нэгэн ойлголтоос шалтгаалахгүй. Өнөөдөр та залбирах юм бол хариулж өгөх Нэгэн юм. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэнд итгэгтүн! Тунхаглагтун! Энэ итгэлээрээ дамжуулан Эхлэл номоор аялаарай!
Залбирцгаая
Бурхан Аав минь өнөөдөр таны өмнө толгойгоо гудайлгасан Та өөрийнхөө боолуудад энэ Эхлэл 1-р бүлгийн 1-р ишлэлийн агуу тунхаглал ба итгэл хамт байхад тусалж ерөөж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен
Бичигч : Ха Юун Жу (2011.8.2нд нас барсан)
БНСУ Уннүри чуулганы пастор агсан
Авсан : 1998. 3. Уннүри Сонин